Бактериологийн шинжилгээ гэж юу вэ?
Уг шинжилгээ нь таныг бактерийн халдвар авсан эсэхийг баталгаажуулж ямар төрлийн бактери өвчлөл үүсгэсэн болохыг тодорхойлдог шинжилгээний арга юм. Мөн тухайн бактерийн эсрэг тохирсон эмчилгээний аргыг сонгох, мэдрэг ба тэсвэртэй чанарыг тодорхойлно.
Бактериологийн шинжилгээнд хүний биеийн биологийн шингэн буюу цус, өтгөн, шээс, нугасны шингэн, залгиур, мэс заслын шарх, цэр зэргээс дээж авч шинжилнэ.
Ирээдүй эмнэлэг нь дараах эмэгтэйчүүдийн багц шинжилгээнүүдийг танд санал болгож байна.
Танд ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандан бактериологийн шинжилгээ өгөх шаардлагатай вэ?
- Халуурах
- Толгой өвдөх
- Жихүүдэс хүрэх
- Дотор муухайрах
- Амьсгал давчдах
- Бөөлжих
- Ханиалгах,найтаах
- Суулгах
- Шээсний өнгө үнэр хурц болж өөрчлөгдөх
- Бэлэг эрхтэнээс үнэр өнгө өөрчлөлттэй ялгадас гарах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандан бактериологи өгөх шаардлагатай юм.
Бактериологийн шинжилгээг хэрхэн хийдэг вэ?
Танд илэрсэн шинж тэмдэг, тухайн эмч ямар халдвар сэжиглэж байгаагаас шалтгаалан дээж авах сорьцыг сонгоно. Сонгосон сорьцыг тусгай лабораторид илгээж бактерийг өсгөвөрлөсний дараа микроскопод харж үүсгэгчийг тодорхойлдог.
Яагаад бактериологийн шинжилгээний сорьцыг биеийн өөр өөр хэсгээс цуглуулдаг вэ?
Хүний биед халдварлан өвчлөл үүсгэдэг олон төрлийн бактери, бичил биетэн байх бөгөөд хаана нэвтрэн орох, бактерийн хоруу чанар, тухайн хүний дархлааны систем зэргээс хамааран үүсэх өвчлөл, хүнд хөнгөний зэрэг ялгаатай байдаг.
Жишээ нь:
Амьсгалын замын халдвар үүсгэгч s.aureus уушигны хатгаа үүсгэдэг бол e.coli бөөр шээсний замын халдвар, гэдэсний цочмог халдварыг үүсгэнэ. Streptococcus pyogenes хоолойн залгиурын үрэвслийг голчлон үүсгэнэ.
Иймээс сорьцыг тодорхой зөв газраас цуглуулж, тохирсон эмчилгээг цаг алдалгүй хийх нь гүйцэд эмчлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Бактериологийн шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ?
Залгиурын арчдас:
- Сүүлийн 5 хоногийн дотор антибиотик уухаар, тарилгаар, лаагаар, цацлагаар хэрэглээгүй байна
- Шүдээ угаагаагүй байна
- Хоол идээгүй, шингэн зүйл уугаагүй, бохь зажлаагүй байна
- Ариутгалын шингэнээр амыг зайлаагүй байна
- Бага насны хүүхэд хөхөө хөхсөнөөс хойш 2 цагийн дараа өгнө
Шээсний бактериологи:
- Гараа угаана
- Өглөөний эхний шээсний дунд 1/3 шээсийг зориулалтын саванд авна
- Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирээгүй байх үед шинжилгээ өгнө (ирэхийн өмнө болон дуусаж байх үед шинжилгээнд хэлбэлзэл үүсдэг тул шинжилгээ өгөхгүй)
- Эмнэлэгт ирж зориулалтын саванд шээсээ авч лабораторид хүлээлгэн өгнө
- Савнаас саванд юүлэхгүй
- Шинжилгээг гэрийн нөхцөлд угаасан шил саванд авахгүй.
- Лабораторид хүлээлгэж өгөх хүртэл хугацаанд савны тагийг нээж болохгүй
- Сүүлийн 5 хоногийн дотор антибиотик уухаар, тарилгаар, лаагаар, цацлагаар хэрэглээгүй байна
Цэрний бактериологи:
- Гараа угаана
- Өглөө өлөн үед цэрийг цуглуулна
- Амны хөндийг буцалсан усаар зайлна
- Амны хөндийг ариутгалын уусмалаар зайлахгүй
- Цээжний гүнээс хархирч 2-3 удаа ханиалгаад цэрийг ариун савны хананд хүргэлгүй хийж сайтар таглана
- Цэрийг цуглуулсанаас хойш 2 цагийн дотор лабораторид өгнө
- Сүүлийн 5 хоногийн дотор антибиотик уухаар, тарилгаар, лаагаар, цацлагаар хэрэглээгүй байна
- Хамар залгиурын салст, шүлс оруулахгүй байх
Өтгөний бактериологи:
- Сүүлийн 5 хоногийн дотор антибиотик уухаар, тарилгаар, лаагаар хэрэглээгүй байна.
- Гараа угаана
- Өглөө өлөн үед өтгөний сорьцыг цуглуулна.
- Өтгөнөөс 4-8 грамм авч савны хананд хүргэлгүй хийж сайтар таглана
- Гэрийн нөхцөлд угааж цэвэрлэсэн сав болон хүүхдийн живхэнд авахгүй
- Өтгөний сорьцыг цуглуулахдаа шээстэй хольж авч болохгүй.
- Цусархаг суулгалтын үед өтгөний цус, залхаг гэх мэт эмгэг хольцоос авна.
Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?
Бактери 72 цаг өсгөвөрлөгддөг учраас шинжилгээ өгсөн өдрөөс хойш 3-5 хоногт хариу гарна. Шинжилгээний хариу гармагц эмчид хандан хариугаа үнэлүүлж өөрт тохирсон антибиотик, эмчилгээг цаг алдалгүй хийлгээрэй.
Ирээдүй эмнэлэг нь дараах эмэгтэйчүүдийн багц шинжилгээнүүдийг танд санал болгож байна.
Leave a Reply