Л.Хүүхэнгаа: Эмэгтэйчүүдийн эмч болгон эход харж байгаа ч тэр бүр сайн оношлох тал дээр учир дутагдалтай байгаа
Эзэмшсэн ажил мэргэжилдээ чадварлаг, авьяаслаг олон эмч нарын нэг болох Л.Хүүхэнгаа эмчийг зочноор урьж, жирэмслэлт тойрсон олон эмзэг сэдвүүдээс хөндөн ургийн гажиг хөгжил болон өсөлтгүй жирэмслэлтийн талаар ярилцлаа. Нэгэнтээ манай нэгэн эмэгтэйчүүдийн туршлагатай эмчийн амнаас “- Одооны бүсгүйчүүд хүүхэд тээж чадахгүй, тээсэн хойноо гаргаж чадахгүй, гаргасан хойноо арчилж чадахгүй болж… ” хэмээн гасалж байхыг сонсоод энэ бүхэн юутай холбоотой юм бол, гол шалтгаан нь юу вэ гэж эрхгүй бодогдож билээ. Мэдээж бүх бүсгүйчүүд ийм болчихоогүй, олон сайхан эхчүүд эсэн мэнд амаржиж, олон хүү, охин ээж аавыгаа баярлуулан хорвоод дуугаа хадаан ирж байгааг хүн бүхэн мэдэж харж байна. Манай улс эх, нярайн эндэгдлийг сүүлийн жилүүдэд бууруулж чадсан нь энэ салбарт явуулж буй бодлого, ажиллаж буй эмч, мэргэжилтэн нарын хамтын ажлын үр дүн юм. Ингээд энэ салбарын халуун тогоонд ажиллаж байгаа мэргэжлийн хүний ярилцлагаа хүргэе.
Таныг говийн хүн гэж дуулсан. Өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?
Би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харъяат хүн. Аав маань нутгийн олондоо “моторчин” Н. Лхагваа гэж хүндлэгдсэн тусч эгэл хүн байсан. Харин ээжийг минь Ө.Жаалхүү гэдэг, насаараа цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ гарсан буурал бий. Би эхээс гурвуул. Ах Л.Төмөртогтох сумын эрчим хүчний газрын даргаар ажилладаг, дүү Л. Төмөрбаатар “Таван толгой” нүүрсний уурхайд ажилладаг. Миний хувьд ам бүл 5-уул, нөхөр Д. Эрдэнэбаяр хувиараа бизнес эрхэлдэг, том хүү ЭМШУИС-ийн оюутан, бага хүү, охин хоёр маань дунд сургуульд сурдаг.
Яагаад эмч мэргэжлийг сонгох болсон бэ?
Би хүүхэд байхаасаа л эмч болж тоглодог хүүхэд байсан гэдэг. Дунд сургуулиа төгсөөд 1985 онд АУИС-ийн эмчилгээний ангид элсэн орсон. Бидний үеийн хүүхдүүд их өндөр шалгуураар АУИС-д элсэж ордог, орсон хойноо их мэрийж суралцдаг байсан. 1992 онд сургуулиа төгсөөд төрсөн нутагтаа очиж ажлын гараагаа эхэлж байлаа. Сумын эмнэлгийн эрхлэгч эмчээр 14 жил ажилласан. 2005 онд эхоны эмчээр мэргэжил дээшлүүлсэнээс хойш “Баянгол” эмнэлэгт эхоны эмчээр ажиллаж байгаад 2011 оноос “Төгс ялгуун” эмнэлэг дээр хувийн эмнэлгээ нээн ажиллуулж байна. Эхо оношлогооны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхэд минь УКТЭ-ийн эхоны их эмч В. Дэлгэрмаа гэж багш маань ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Өнөөдрийг хүртэл багштайгаа хамтарч ажилладаг бөгөөд үргэлж тусалж, дэмжиж байдагт нь талархаж явдаг.
Эхо оношлогооны эмч хүний ажлын онцлог нь юу вэ?
Сүүлийн 5 жилийн хугацаанд эхо оношлогоо, тэр дундаа жирэмсний 4D оношлогоог хийж байна. Жирэмсний оношлогоо гэдэг нь ургийн хөгжлийг хянах, ургийн гажиг хөгжлүүдийг эрт оношлох зорилготой байдаг.
Ургийн гажиг ихэссэн гэж ярих болсон. Энэ нь юунаас шалтгаалж үүсдэг юм бэ?
Зах зээлийн үед төрөлт буурч байсан бол сүүлийн жилүүдэд жирэмслэлт төрөлт эрс ихэссэн. Мөн оношлогооны хүчин чадал сайтай дэвшилтэт техник, технологи нэвтэрч оношлогооны чанар улам сайжирсан нь ургийн гажгийн илрүүлэлтийг нэмэгдүүлсэн. Ургийн гажиг гэдэг нь ураг үүсч хөгжих үед гаднын ямар нэг таагүй нөлөөний улмаас эд эрхтэнд нь эмгэг үүсэхийг хэлнэ. Ураг бүрэлдэх эхний гурван сарыг хамгийн эмзэг үе гэж үздэг. Мөн түүнчлэн жирэмслэхийн өмнөх үе ч чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймээс эмэгтэйчүүд маань жирэмслэлтэнд биеэ бэлдэж, өөрийгөө эрүүлжүүлэх нь чухал юм. Ялангуяа жирэмсний эхний 3 сард хоол унд, ажлын орчин нөхцөлөө зөв зохицуулах хэрэгтэй. Жишээлбэл: эм тариа, архи, тамхи, химийн бодисын найрлага бүхий бүтээгдэхүүнээс хол байх, дархлаагаа сайжруулах, биеэ чийрэгжүүлэх, сэтгэл санааны хувьд тайван байх хэрэгтэй. Нэгэнт жирэмсэлсэн тохиолдолд хяналтанд эрт орж, тодорхой хугацаанд эхо оношлогоонд хамрагдаж байх ёстой бөгөөд энэ нь эрүүл хүүхэд тээж төрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байдгийг анхаарах хэрэгтэй.
Манай хотын агаарын бохирдолтоос шалтгаалаад тархины гажигтай хүүхэд төрөх нь нэмэгдэх боллоо. Та энэ талаар юу хэлэх вэ?
Ургийн тархи, нуруу нугасны гажиг хөгжил нилээд элбэг тохиолддог гажгуудын нэг юм. Яг утаанаас болж ийм гажиг үүсч байна гэсэн нарийн судалгаа алга, гэхдээ утаанаас болж урагт хүчилтөрөгчийн дутагдал үүсч, улмаар төрөлтийн хүндрэл үүсч байгаа нь тодорхой юм. Ургийн гажиг хөгжил үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүд байдаг. Үүнд: Жирэмсэн болсноо мэдэлгүйгээр эхний гурван сард эм тариа хэрэглэх, агаарын бохирдол, цацраг туяа, химийн бодистой харьцах, ажлын таагүй орчин нөхцөл, архи, тамхины хэрэглээ, баталгаагүй хоол хүнс гээд олон зүйлсээс ургийн гажиг хөгжил үүсдэг.
Ургийн гажгийг илрүүлэх ямар аргууд байдаг вэ? Эрт илрүүлэхийн ач холбогдол юу вэ?
Эхо оношлогоо, лабораторийн болон удам зүйн шинжилгээ, ургийн усанд хатгалт хийж шинжлэх зэрэг олон арга байдаг ч хамгийн өндөр ач холбогдолтой, эх хүүхдэд аюулгүй, хямд, энгийн арга нь үечилсэн эхо оношлогоо юм. Өнөөдөр дэлхийн чиг хандлага пренаталь оношлогоо буюу эхийн хэвлийд байхад нь ургийн гажгийг оношлож, жирэмслэлтийг оновчтой шийдвэрлэхэд чиглэгдэж байна. Манай улсын хувьд мөн ургийн гажгийг эрт оношлохын ач холбогдлын талаар ярьдаг болсон нь сайшаалтай. Ургийн гажиг хөгжлийг эрт оношлох нь тухайн төрөлтийг шийдвэрлэх, төрөлтөнд сэтгэл зүйн хувьд бэлдэх, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цаашдын эмчилгээний тактикыг боловсруулах, урьдчилан сэргийлэх аргуудыг төлөвлөх зэргээр нийгэм, эдийн засгийн олон талын ач холбогдолтой.
Эход олон харуулах муу гэж зарим эхчүүд үздэг. Гэтэл үечилсэн шинжилгээг өгөх тохиолдолд эхо оношлогоог олон удаа хийлгэх юм байна. Та үүнийг тодруулж хэлэхгүй юу?
Эхо оношлогоо урагт сөрөг нөлөө байхгүй. Өндөр хөгжилтэй орнуудад жирэмсэн эхийг сар тутамд эход үзүүлэхийг зөвлөдөг. Зарим хүмүүс эхог рентген оношлогоотой адил гэж андуурдаг. Эхо нь рентген шиг цацрагийн ачаалал, хортой нөлөөг үзүүлдэггүй нь нэгэнт батлагдсан тул дэлхий дахинаа эх, ургийн оношлогоонд эхог өргөнөөр ашигладаг юм. Эхо оношлогоогоор ургийн гажгийг илрүүлэх чиглэлээр 2008 оноос эхэлж ажилласан. Эхний жилүүдэд амьдралын боломжтой эхчүүд, эсвэл өндөр эрсдэлтэй бүлгийн эхчүүд эмчийн заалтаар эход харуулдаг байлаа. Тэгвэл өнөөдөр жирэмсэн эхчүүд бүгд эход харуулж байна. Манай улсын хувьд эрүүл мэндийн бодлогодоо жирэмсний 5 сартайд эход заавал харуулахыг шаарддаг. Тэгэхдээ зөвхөн 5 сартайд нэг удаа эход үзүүлэх нь учир дутагдалтай юм. Яагаад гэвэл: 2-3 сартайд нь илрүүлэх боломжтой, цаашид тээх боломжгүй хүнд хэлбэрийн хавсарсан гажгуудыг 5 сар хүртэл нь тээж явах нь эхийн бие махбодь, сэтгэл санаанд таагүй асуудал юм. Гэтэл 5 сартайд огт илрээгүй мөртлөө эд эрхтэний хөгжил гүйцэж байгаа 6,7 сард ч илрэх жижиг хэмжээний гажиг тохиолдож болно. Иймээс жирэмсний хугацаанд үечилсэн үзлэг хийх хэрэгтэй юм. Үечилсэн үзлэгийн хугацаа нь: 13-14 долоо хоног буюу 3 сар хагастайд нь, 20-22 долоо хоног буюу 5 сартайд нь, 28-30 долоо хоног буюу 7 сартайд нь тус тус хийх хэрэгтэй. Ингэж доод тал нь 3 удаа эход үзүүлэх хэрэгтэй.
Өнгөрсөн жил нэг эх доод мөчгүй ураг тээж төрүүлсэн тухай яригдаж байсан. Гэтэл энэ эмэгтэй бүх шатны эмчийн үзлэгээр ороод эход харуулаад явсан байдаг. Энэ нь эхо оношлогооны эмч нарын мэдлэг чадвар зарим тал дээр маш хангалтгүйг илтгэж буй хэрэг юм. Та энэ талаар юу хэлэх вэ?
Ургийн гажгийн оношлогоо нь эмчээс өргөн мэдлэг, өндөр ур чадвар шаарддаг. Эхо оношлогооны хүчин чадал сайтай аппарат, тоног төхөөрөмж нэг үеэ бодвол олон болж байгаа нь сайн хэдий ч бүрэн ашиглаж, зөв оношлох чадвартай боловсон хүчин дутагдалтай байгаа юм шиг надад санагддаг. Ер нь хичнээн сайн аппарат байсан ч түүнийг эмч л ажиллуулах учир эмч мэдлэг, ур чадвараа тасралтгүй сайжруулж ажиллах нь зүйтэй юм. ОХУ-ын нэртэй докторын “Зөв оношлоход эхо аппарат-10%, харин эмчийн мэдлэг, ур чадвар-90% хэрэгтэй” гэж хэлсэн үгийг энд дурьдахыг хүсч байна.
Иймээс мэргэжил нэгт эмч нар маань маш сайн мэргэших нь хамгийн чухал юм. Эмэгтэйчүүдийн эмч болгон эход харж байгаа ч тэр бүр сайн оношлох тал дээр учир дутагдалтай байгааг би нуухгүй. Манай улсын хэмжээнд ургийн гажгийг маш найдвартай зөв оношлодог ур чадвартай эмч их цөөхөн, гарын таван хуруунд багтдаг.
Эмч бүр ургийн гажгийг хараад энэ нь цаашид засагдах боломжтой гажиг уу үгүй юу гэдгийг хэлж чаддаг байх ёстой. Гажиг хөгжлийг илрүүлж чадахгүй, илрүүлээд явуулахаар асуудлыг шийдвэрлэж чадахгүй эхчүүд хохирох тохиолдлууд гарсаар байна. Нэг тохиолдлыг дурьдвал: илэрхий хүнд хавсарсан гажгийг огт оношлолгүйгээр 7 сар хүртэл нь тээлгэсэн тохиолдол надтай таарч байсан. Энэ ямар гажиг байсан бэ гэхээр гар хөлийн сарвуу, тавхайтай мөртлөө 4 мөчгүй тэгээд бас тархины ивэрхийтэй, хүзүүний нугалмын эмгэгтэй анхны жирэмсэн байсан. Хамгийн харамсалтай нь энэ эх хэд хэдэн удаа эход харуулаад зүгээр байнаа гээд явж байсан. Уг нь ийм хүнд гажгийг жирэмсний эхний 3 сартайд оношлож, таслах бүрэн боломжтой.
2011 оны 4-р улиралд 7 гажиг хөгжил илрүүллээ. Зөвхөн надад үзүүлсэн цөөн жирэмсний дундаас шүү дээ. Өөр эмч, эмнэлгээр зөндөө жирэмсэн үзүүлж байгаа бөгөөд тэдний дунд мөн иймэрхүү тоо гарвал хэцүү л байна.
Ургийн гажиг үүссэн ч зарим нэг нь эрүүл болох боломж байдаг уу?
Ургийн гажгийг засагдах боломжтой ба боломжгүй гэж хуваадаг. Дээр дурьдсан шиг хүнд хэлбэрийн гажиг нь засагдах боломжгүй, эх өөрөө төрнө гэж шийдээд төрсөн ч амьдрах чадваргүй хүүхэд төрнө. Харин уруул, тагнайн сэтэрхий, өрцний болон хүйн ивэрхий, илүү дутуу хуруу зэрэг гажиг нь төрсөний дараа эмчлэгдэх боломжтой гэж үздэг ч эмгэгтэй хэсгийн хэмжээнээс ихээхэн хамаардаг.
Ургийн гажиг нь ихсээд байна уу илрүүлэлт нь ихсээд байна уу?
Аль аль нь ихсэж байна гэж би боддог.
Манай улсад ургийн гажиг хөгжлийн талаар зааж сургадаг ямар сургалт байдаг вэ? Оношлогооны стандарт гэж байдаг уу?
Ургийн гажиг илэрсэн тохиолдолд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Төвд шилжүүлж, тэнд асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл ургийн гажиг илэрсэн тохиолдолд түүнийг цаашид тээх үү? үгүй юу? гэдгийг шийдэх асуудал манайд өнөөдрийн байдлаар учир дутагдалтай байна. Ураг нь гажигтай эхчүүд хэн асуудлыг нь шийдвэрлэхийг мэдэхгүй тул олон эмч дээр очиж үзүүлэн цаг алдаж, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд хохирч явдаг. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад жирэмснийг хянах, ургийн гажгийг илрүүлэх талаар дагаж мөрддөг стандарт байдаг юм билээ. Ургийн гажиг илэрсэн тохиолдолд ямар арга замаар шийдвэрлэх вэ, ямар шинжилгээ өгөх вэ, жирэмснийг таслах уу, цаашид тээх үү, тээсний дараа ямар арга хэмжээ авах вэ гээд бүх асуудлыг нь багтаасан тодорхой баримталдаг стандарт байдаг.
Энэ стандартыг манайд боловсруулах боломж бий юу? Энэ талаар таньд ямар нэг санаа байдаг уу?
Манай улсад хэвлий, дотор эрхтэний эхо оношлогооны стандарт гарсан байдаг. Харин жирэмсний оношлогооны стандарт одоогоор алга байна.
Миний хувьд Баянгол эмнэлгийн эхоны эмч Д. Алдармаатай хамтран ургийн гажиг хөгжлийн талаар дэлгэрэнгүй судалгаа хийхийн зэрэгцээ бусад орнуудын жирэмсний эхо оношлогооны стандартуудыг харьцуулан судлаж, өөрсдийн гарын авлага, удирдамжтай болох талаар зарим ажлуудыг хийж байна. Энэ талаар туслах, зөвлөлдөх хүмүүстэй хамтран ажиллахад бэлэн байна.
Сүүлийн үед хүүхдүүд гэдсэндээ “хөгширчөөд” гарч ирдэг боллоо. Хөгжил нь маш хурдан явагдаж 10 сар тээхээ больсон гэж ярих болсон. Энэ үнэн үү?
Хүүхдийн бойжилт эхийн гэдсэнд байхдаа эрчимтэй явагдах болсон нь үнэн. Энэ нь жирэмсэн эхчүүд төрөл бүрийн эрдэс бодис, витамин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ихээр хэрэглэх болсонтой холбоотой байх гэж боддог. Хугацааны хувьд бол тээдэг хугацаандаа хүүхэд төрж байна. Анхны жирэмсэн хугацаанаасаа хойш төрөх нь илүү байдаг бол давтан жирэмсэн хугацаанаасаа 7-21 хоногийн өмнө төрж болдог. Энэ үед хүүхдийн хөгжил жингийн хувьд ч тэр, эрхтэн тогтолцооны тал дээр ч бүрэн гүйцчихдэг учраас дутуу төрөлт гэж үздэггүй.
Өсөлтгүй жирэмсэн юунаас болж байна вэ? Шалтгаан нөхцөл нь юу вэ?
Ураг хөгжлийнхөө эрт үед амьгүй болохыг өсөлтгүй жирэмсэн гэж хэлж байгаа юм. Намайг хөдөө ажиллаж байх үед бараг тохиолддоггүй байсан бол одоо маш ихэссэн. Сүүлийн үеийн мэдээгээр 3 тохиолдлын нэг нь өсөлтгүй жирэмсэн гэж хэлж байсан. Энэ арай хэтрүүлсэн тоо байх л даа. Миний ажигласанаар 5 тохиолдлын нэг нь өсөлтгүй жирэмсэн, эрт зулбалт, эсвэл үр хөндөлт байна. Энэ их ноцтой асуудал юм. Ураг эхийн хэвлийд байхдаа өсөлтгүй болох шалтгаан маш олон хэдий ч 2010 оны судалгаагаар 93 хувь нь вирүсийн халдвартай холбоотой байна гэж гарсан. Вирүс нь ураг бүрэлдэх эхний 3 сарын хугацаанд ургийг амьгүй болгодог хор ялгаруулдаг байна. Сүүлийн үед өсөлтгүй жирэмсэн гэсэн онош, эсвэл урьд нь ийм оноштой байсан эхчүүдийг вирүсийн шинжилгээнд хамруулж үзэхэд уг вирүс маш өндөр хувьтай байгааг анхаарах хэрэгтэй.
Энэ ямар вирүс вэ?
Цитомегаловирүс гэж нэрлэгддэг. Бидний энэ цаг үеийг вирүсийн зуун гэж нэрлэж байна. Вирүс нь амьсгалын замаар, агаар дуслын замаар дамжин халдварлаж хүний дархлаа муудах үед идэвхжиж өвчлүүлдэг. Энэ вирүсийн улмаас нэг удаа жирэмслээд өсөлтгүй болж байгаа эхчүүд юуны өмнө 6 сарын хугацаанд жирэмслэлтээс найдвартай хамгаалах хэрэгтэй байдаг. Ингэж хамгаалж байх явцдаа тав дахь сараас эхлээд фолийн хүчил нэг сарын турш ууж жирэмслэлтэнд биеэ бэлдэх ёстой. Тэгээд дээрх вирүсийн шинжилгээг дахиад өгөх хэрэгтэй. Хэрвээ вирүс өндөр хэмжээтэй гарвал түүнээс хамгаалах эм гарсан байгаа, түүнийг нэг жилийн турш ууж дуусаад жирэмслэхэд өсөлтгүй жирэмсэн дахиж болохгүй байх бүрэн боломжтой болно. Гэтэл үүнийг эмэгтэйчүүд мэддэггүйгээс дахиад л хэд хэдэн удаа өсөлтгүй жирэмсэн болж байна. Энэ нь 4-5 удаа давтагдах нь цаашид бүр жирэмсэн болохгүй байдалд хүргэх аюултай юм.
Эмч бидний ярилцлага үүгээр өндөрлөж байна. Нутгийн олон нь манай “Гаа” эмч хаана яваа бол, хаана ажиллаж байгаа бол… гээд сураг тавьдаг юм билээ. Тийм ч учраас нутгийн зон олонд нь сэтгүүлээрээ дамжуулан Гаа эмчийг уулзуулж ярилцлаа.
Leave a Reply