Миом гэж юу вэ?
Миом гэдэг нь 30-35 насны эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох умайд хоргүй хавдар үүсэх өвчин юм. Энэ өвчин нь үсэрхийлдэггүй гэдгээрээ хорт хавдраас ялгаатай.
Умайн хоргүй хавдар гэсэн оношийг сонссон эмэгтэйчүүд “ Яанаа би хавдартай болчихлоо” гэж сандардаг. Тайван байх хэрэгтэй. Мэдээж умайн хоргүй хавдар буюу миома нь таагvй зүйл боловч хорт хавдар гэсэн айхтар өвчинд хамаардаггүй.
Миом нь умайн хананд булчингийнх нь залуу эсvvдээс үүсэж хөгждөг. Харьцангуй олон тохиолддог хавдар бөгөөд гучин нас хүрсэн эмэгтэйчүүдийн 20% д нь илэрдэг гэсэн статистик мэдээ байдаг.
Хүний нүдэнд харагдахгүй жижгээс теннисний бөмбөг шиг том хавдар ч үүсэж болох бөгөөд олон тоогоор ургасан байж болно. Энэ өвчин нь ихэвчлэн зовуурьгүй байдаг тул миоматай гэдгээ анзаарахгүй байх нь түгээмэл.
Жирэмсний үед эсвэл төрсний дараа миома нь эмчилгээгүйгээр шимэгдэх тохиолдол олон байдаг.
Ирээдүй эмнэлэг нь дараах эмэгтэйчүүдийн багц шинжилгээнүүдийг танд санал болгож байна.
Миом үүсэх шалтгаан
Миом үүсэх гол шалтгаан нь дааврын өөрчлөлт юм. Тухайлбал, эм бэлгийн дааврын хэмжээ ихсэх. Иймээс ч энэ хавдар нь охидууд, цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд бараг тохиолддоггүй. Харин 25-50 насны эмэгтэйчүүд өвчлөх магадлал маш өндөр байдаг.
Ялангуяа жирэмсэн үед, бэлэг эрхтний үрэвсэл өвчний үед, ерөнхий дархлаа буурсан үед энэ магадлал эрс өсдөг. Эрдэмтэд умайн булчингийн хавдар vvсэхэд нөлөөлөх боломжтой хэд хэдэн хvчин зүйлсийг нэрлэдэг :
- Удамшил – Тухайн хүний ээж, эмээ, эгч энэхүү өвчнөөр өвчилж байсан бол удамших магадлалтай байдаг;
- Дааврын өөрчлөлт – Өндгөвч нь эстроген болон прогестерон дааврыг ялгаруулж, сарын тэмдгийг зохицуулж байдаг. Эдгээр дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр миома үүсэх магадлалтай;
- Жирэмслэлт – Жирэмслэлтийн үед эстроген болон прогестерон дааврын хэмжээ нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор жирэмсэн үед миома үүсэх эсвэл хэмжээ нь томрох эрсдэлтэй;
- Инсулины хэмжээ өөрчлөгдөх;
- Үр хөндөлт хийлгэх эсвэл төрөлт хоорондын зай хэт хол байх зэрэг хүчин зүйлс миома үүсэхэд хүргэж болно.
Миомын шинж тэмдэг
Ховор тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрнэ.
- Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх
- Сарын тэмдэг олон хоногоор ирэх
- Аарцаг өвдөх
- Ойр ойрхон бие засах
- Давсгаа бүрэн суллаж чадахгүй байх
- Өтгөн хатах
- Нуруу, хөлөөр өвдөх
Мөн томорсон үедээ хэвлийн доод хэсгээр гарт тэмтрэгддэг. Удвал хэвлий хавиар томрох нь ажиглагдана. Ховор тохиолдолд миом хэт томорч, маш хүчтэй өвддөг.
Миомын үр дагавар
Хэдийгээр ямар нэг зовиургүйгээр өвчтэй болсноо мэдэлгүй олон жил яваад болох ч умайн хоргүй хавдар нь олон таагүй үр дагаварт хүргэх аюултай.
- Хэт их цус алдсанаас цус багадалт үүсэх. Хавдрын зангилаа томорч хөрш эрхтнүүдийг үүн дундаа өндгөвчийг дарах аюултай. Ийм үед жирэмслэхгүй байх, давсгаар өвдөлт vvсэх, шээс гадагшлахад саад учрах, өтгөн хатах шинж ажиглагддаг. Мөн цөөн тохиолдолд хорт хавдарт шилжсэн байдаг.
- Хэрэв миома нь умайн хананд яг бvтэн байрлаагvй бол “хөл” нь ( хавдрыг умайтай холбож буй тэр хэсэг ) мушгирах боломжтой. Энэ тохиолдолд хавдар үхжин үрэвсэл үүсэж задрах аюул нүүрлэнэ. Энэ нь цус алдалт, хэвлийн хурц өвдөлт, огцом өндөр халуурах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Ийм тохиолдолд яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй.
- Миомын бас нэг хүндрэл бол жирэмслэлтийн тээлт болон vр тогтолтын асуудал юм. Миом нь томорсон үед жирэмсэн болохгүй байх (үр дамжих сувгийг миом нь хааж байрласан), жирэмсэлсэн ч хүүхэд явц дундаа цаашид өсөх боломжгүй болдог. Тиймээс жирэмслэхээс өмнө томорсон миомуудыг авхуулсан байх шаардлагатай.
Хэрэв хүүхэд төрүүлэх сонирхолгүй бол умайг авах мэс засал санал болгодог. Зарим тохиолдолд цэвэрших насны хүмүүсээс миом аажмаар алга болдог. Учир нь миом нь сарын тэмдгийн үед умайн цусны судлаар дамжих их хэмжээний цусаар тэжээгддэг бөгөөд цэвэршилт болж сарын тэмдэг ирэхээ болингуут тэжээл нь таслагдаж улмаар хатах шатанд орж болдог. Мөн миомыг тэжээж буй судсыг олж тодорхойлоод уг судсыг бөглөх мэс засал хийж байна.
Оношилгоо
- Хэт авайн шинжилгээ
- Цусны шинжилгээ – Дааврын өөрчлөлт байгаа эсэхийг шинжилнэ.
- Соронзонрезонанст томографи – Хавдрын байрлал, хэмжээг тодорхойлно.
- Рентген зураг – Хавдрын хэмжээ, байрлалыг тодорхойлно.
Миомыг цаг тухайд нь илрvvлэх хамгийн найдвартай арга нь жилд нэг удаа урьдчилан сэргийлэх эмэгтэйчүүдийн үзлэгт орох явдал юм. Сайн мэргэжилтэн нь хавдрын зангилааг тэмтрээд мэдэж болох боловч оношийг тодруулахын тулд өвчтөнийг хэт авианы шинжилгээнд оруулах зайлшгүй шаардлагатай.
Ирээдүй эмнэлэг нь дараах эмэгтэйчүүдийн багц шинжилгээнүүдийг танд санал болгож байна.
Миомын эмчилгээ
Миомын эмчилгээ өвчтөний нас, амьдралын цаашдын төлөвлөгөөнөөс хамаарна.
- Юуны өмнө сэтгэл санааны байдлаас болж дархлаа муудаж улмаар дааврын ялгаралт өөрчлөгдөн миом үүсэх нөхцөл бүрддэг тул яагаад стресстэй амьдарч байгаагаа тунгааж стресснээс шууд салах арга хэмжээ авах шаардлагатай.
Үүний дараа хэрэв олон жилийн турш миома нь хэмжээгээрээ томроогvй, эмэгтэй нь жирэмслэх хүсэлгүй бол ихэнх эмч нар уг хавдрыг дааврын эмээр эмчлэхийг санал болгодог.
- Дааврын нөлөөгөөр үүссэн бол дааврыг тогтворжуулах, сарын тэмдгийн үеийн цус алдалтыг багасгах, үрэвсэл дарах үйлчилгээтэй эмийг эмчийн заавраар хэрэглэнэ.
Харин хүүхэд төрүүлэх хүсэлтэй залуу эмэгтэйчүүдэд эмч нар хойшлуулалгүй шууд мэс засал хийлгэхийг зөвлөдөг.
- Хамгийн хал багатай нь зөвхөн миомын зангилааг авах мэс засал бөгөөд энэ нь умайг бараг гэмтээдэггүй. Ингэснээр цаашид хэвийн жирэмслэх боломжтой байдаг. Ийм мэс заслыг дурангийн аргаар хийж болдог бөгөөд хэвлийн хөндийд хэд хэдэн жижиг цоолбор гаргаж хийдэг.
Мэс заслын эмчилгээ нь миомны байрлалаас хамаараад зөвхөн миомыг шулж авах эсвэл умайг бүхлээр нь авах, эсвэл бүр умайг дайвруудтай нь авах шаардлага гарч болдог.
Leave a Reply