Л.Хүүхэнгаа: Ургийн гажгаа тодорхойлуулах биш ургийн өсөлт хөгжлийг тодорхойлуулна гэж ярьж хэвшээрэй
Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин түүнээс урьдчилан сэргийлэх болон жирэмсэн эмэгтэйчүүд эход харуулж тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдсанаар ямар ач холбогдолтой талаар “Ирээдүй” эмнэлгийн эмч Л.Хүүхэнгаагаас тодрууллаа.
Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд ямар өвчлөл зонхилж байна вэ?
Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин маш их байна. Үрэвсэлт өвчин нь өөрөө өвчний эхлэл болдог. Үрэвслийг эрт оношлуулж эмчлүүлээгүйгээс архаг хэлбэрт шилжих, өөр бусад өвчинөөр өвдөх эхлэл болдог.
Үрэвсэлт өвчин нэмэгдэж байгаагийн шалтгаан нь юу вэ?
Бэлгийн замын халдварт болон үрэвсэлт өвчин гэж хоёр янз байна. Шалтгаан нь замбараагүй бэлгийн харьцаа, олон удаагийн үр хөндөлт зэрэгтэй холбоотой.
Охид бүсгүйчүүд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол орж байх шаардлагатай шүү дээ. Гэвч өсвөр насны охид маань сайн мэдлэггүй байдаг юм шиг санагддаг. Энэ тал дээр мэргэжлийн хүнийх хувьд юу гэж зөвлөх вэ?
Нэг үеэ бодвол бас урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг хүмүүс нэмэгдсэн нь сайшаалтай боловч, өвдсөн үедээ, даамжирсан үедээ эмнэлэгт хандах нь маш их байна. Бүх л насны хүмүүс жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж өөрийгөө эрүүл байгаа эсэхийг мэдэж байх шаардлагатай.
Өндгөвчний уйланхай гэх өвчин эмэгтэйчүүдийн дунд нэлээд түгээмэл байх шиг харагддаг. Энэ өвчин ер нь яагаад үүсдэг юм бэ?
Эмэгтэй хүний биений юмны мөчлөгийн дунд үед өндгөн эс буюу эм бэлгийн эс боловсордог, тэр үеэр тодорхой хоногт уйланхай үүсээд хагарч байдаг. Энэ нь сар бүр явагдаж байдаг физиологийн процесс юм. Энэ үед эход хараад уйланхайтай байна гэж эмчилгээ хийгээд байх шиг санагддаг. Уг нь тодорхой хугацаанд үүсээд өөрөө хагардаг л процесс юм. Тэгэхээр хэвийн физиологийн уйланхай юм уу, эмгэг уйланхай юм уу гэдгийг ялгаж байж эмчилгээ хийх шаардлагатай эсэхийг шийдэх ёстой. Үнэхээр бүтцийн хувьд эргэлзээтэй уйланхай байвал биений юмний мөчлөгийн дөрөв дэх хоногт давтан үзэж байж эрүүл эмгэгийг баталж байж эмчилгээний асуудал ярих хэрэгтэй. Эход харахад эмгэг уйланхай гэдгийг батлах олон шинж харагдаж байгаа тохиолдолд шууд эмгэг уйланхайг оношлох боломжтой.
Эмгэгийг яаж ялгах вэ?
Маш өөр хоорондоо адил төстэй шинжтэй, ялгахад төвөгтэй өндгөвчний эмгэг олон уйланхай байдаг. Эдгээрийг яглаж оношилно гэдэг бол тухайн эмчийн мэдлэг, чадвартай их хамааралтай. Уйланхайнуудыг ялгаж оношилоход уйланхайны бүтэц, доторхи агууламж, судасжилттай эсэх, хананы зузаан, таславчтай эсэх, хэмжээ, хэлбэр гээд олон шинжүүдийг харж үнэлэх шаардлагатай байдаг. Гэтэл зүгээр энгийн уйланхайг эмгэг юм шиг ойлгуулж эмчлэх явдал манай эмч нарийн дунд байна гэж үздэг. Энэ нь зарим эмч нарийн маань мэдлэг дутмагаас болдог болов уу гэж боддог.
Хэрэв энгийн уйланхайг ялгахгүйгээр шимэгдүүлэх эмчилгээ хийвэл сөрөг үр дагавар бий юу?
Сөрөг зүйл байхгүй ч эмчилгээ хийлгүйгээр өөрөө хагардаг юмыг эмчилж зардал болж байгаа л гэсэн үг.
Өндгөвчний эмгэг уйланхай үүсэх шалтгаан нөхцөл нь юу байдаг вэ?
Ерөнхийдөө үрэвсэл, олон удаа үр хөндөлт хийлгэх болсон, дур мэдэн дааврын эм уудагтай холбоотой. Ер нь ямар нэг өвчлөлийг цааш сэдрээх нэмэгдүүлэх нь хувь хүний өөрийнх нь хариуцлагын асуудал байдаг. Эмчийн зааваргүй хэн нэгнээс сонссоноороо эм бэлдмэл хэрэглэдэг, өөрт тохирохгүй тунгаар удаан хугацаагаар уудаг. Энэ нь маш буруу. Эмч гэдэг хүн байгаагийн учир нь тухайн эмийг тухайн өвчний үе шат, явцад нь тааруулж эмийн тун, нас бие, хэрэглэх хугацааг тохируулж өгөхөд л байдаг юм. Түүнээс хэн нэг нь эмнэлэгт үзүүлж эмчилгээ заалгасан хийлгэснээ найздаа болон хэн нэг ойрын хүндээ ярих, санал болгосноор өөртөө эмчилгээ сонгож хэрэглэнэ гэдэг бол манай монгол хүмүүсийн дунд байдаг хамгийн харамсалтай үйлдэл.
Хүйтний улирал эхлэхээр ургийн эндэгдэл маш их байдаг гэж ярьдаг. Ер нь яг ургийн эндэгдэл юунаас болж үүсээд байдаг юм бэ?
Ургийн эндэгдэл шууд утаанаас болж байна гээд баталчихсан судалгаа байхгүй. Харин утааны улмаас ургийн жин багадалтыг үүсгэж байна гэсэн батлагдсан судалгаа байгаа. Утаа нь хүний биед хортой гэдэг нь ойлгомжтой, утаанд ямар хорт бодис, ямар хэмжээтэй байгаа бид мэдэхгүй. Ургийн гажиг үүсгэх маш олон шалтгаан байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд ураг өсөлтгүй болох нь их нэмэгдсэн. Бараг 5 жирэмсэн хүний нэг нь өсөлтгүй болж байна. Энэ нь утаа нөлөөлж байгаа үгүйсгэх аргагүй.
Жирэмсэн хүн хэзээ хэдэн удаа эход харуулах шаардлагатай болон эход харуулахын ач холбогдол нь юу вэ?
Миний бодлоор хүмүүс жирэмсэн үед эход харуулахын ач холбогдлыг мэдэхгүй байгаа юм шиг санагддаг. Тэр хяналтын эмч чинь л үзүүл гэсэн хүмүүс их орж ирдэг, уг нь хүүхдийнх нь хөгжил ямар байгаа, ямар нэг гаж хөгжил байна уу, жирэмсний хүндрэл байна уу гэх мэт эрсдлийг урьдчилан харах зорилгоор эход хардаг гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хэн нэгний өмнөөс, эмчийн шахалтаар үзүүлж байгаа юм шиг байж болохгүй. Эход харах нь хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө хийж байгаа хамгийн зөв алхам.
Жирэмсэний тээлтийн хугацаанд 5-6 удаа эход харж ургийн өсөлт хөгжил хэвийн эсэх, жирэмсний хүндрэл байгаа эсэх, ургийн гаж хөгжилтэй эсэх, төрөлт өөрөөрөө төрж болох эсэх, ургийн бүтэлттэй эсэх гээд маш олон зүйлийг эхгогоор үзэж илрүүлдэг. Ээжүүд маань 5 сартайд нэг удаа эход харуулаад л ургийн гаж хөгжлийг тодорхойлоод боллоо гэж үздэг.
Эр эм бэлгийн эс нийлж үр тогтсон өдрөөс, төрөх хүртэл хугацаанд хүүхэд маань бүрэлдэж, хөгжиж, хөгжил нь гүйцээд л арван сар болоод төрдөг шүү дээ. 5 сартай үзлэгээр хэвийн байсан боловч хожуу илрэх өөрчлөлт оношлогддог. Жишээ нь ургийн хошногоны амсар битүү эсэх, зүрхний судасны нарийсал, жижиг хэмжээний зүрхний цоорхой, зарим гэдэсний өөрчлөлт, эрэгтэй хүүхдийн төмөг бууж ирсэн эсэх гээд 7 сартайгаас хойш харагддаг. Зүрхний зарим гажиг эхийн хэвлийд бус төрсний дараа оношлогддог нь зүрхний хөгжил төрсний дараа гүйцэж хөгждөгтэй холбоотой байдаг. Тэгэхээр ээжүүд маань жирэмсний гурав, тав, долоо, есөн сартайдаа заавал эхо оношилгоонд хамрагдах шаардлагатай.
Ямар нэгэн ургийн гаж хөгжилтэй байлаа гэхэд гэдсэнд нь эмчлэх арга бий юу?
Ямар гажиг гэдгээс хамаарна. Гэдсэнд битгий хэл төрсөн хойно ч эмчлэгдэхгүй гажиг гэж байгаа. Монголд бол эхийн хэвлийд нь оношилж байгаа болохоос эмчлээд байгаа зүйл бол байхгүй байна. Зарим хөгжингүй орнуудад эхийн хэвлийд нь эмчилж байгаа.
Нэгэнт ургийн гаж хөгжлийн талаар ярьж байгаа дээр ээжүүд эмэгтэйчүүдэд нэг зүйл хэлмээр байна. Ихэнх эмэгтэйчүүд ургийн гажигаа харуулах гэсэн юм гээд орж ирдэг, энэ тохиромжгүй санагддаг. Ургийн өсөлт хөгжилөө үзүүлэх гэвэл илүү зүгээр. Ургийн өсөлт хөгжлийг үзэж үнэлэх явцад ургийн гаж хөгжил илэрвэл гажиг илэрч байна гэж үзэхээс угаасаа гажигтай байгаад түүнийгээ үзүүлэх гэж байгаа юм шиг яриад байдаг. Зөв хэллэг хэрэглэж сурах хэрэгтэй.
Эхо аппарат маш олон төрөл болж их шинэчлэгдэж байна. 3D, 5D гээд л янз бүр байна. Энэ бүгд өөр өөрийн үүрэгтэй байдаг уу. Бас эдгээр аппарат нь урагт ямар нэгэн нөлөөлөл бий юу?
Эхо аппарат бол хор хөнөөлгүй, ямар нэгэн эрсдэлгүй, хүнээс тусгай нөхцөл шаардахгүй, үнэ хямд, зовиур үүсгэхгүй зэрэг хамгийн аюулгүй, хор хөнөөлгүй оношилгоо гээд дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрчихсөн. Эхо долгионы үйлчлэлээр үздэг болохоор урагт ямар нэгэн нөлөөлөл байхгүй.
Эхоны аппаратын хувьд улам хүчин чадал маш сайжирч байгаа. Аппаратны хүчин чадлаас гадна ажиллуулж байгаа эмчийн ур чадвар, дадлага туршлага хамгийн чухал. Ургийн оношилгоог мэргэшсэн эмч нар хийдэг болж байна. Монголд бол ихэвчлэн Солонгосын Samsung Medison-ы аппаратыг ихэвчлэн ашигладаг. Манай эмнэлгийн хувьд АНУ-ын General Еlectric компаны Voluson E10 хамгийн сүүлийн үеийн маш хүчин чадал өндөр аппаратыг Монголд анхдагчаар оруулж ирээд байна.
Бид оношилгооны чанарыг сайжруулах, үйлчлүүлэгчдээ чанартай үйлчилгээг үзүүлэх, Дэлхийн хөгжлөөс хоцрохгүйг хичээн ажилладаг. Сүүлийн үед ургийн хавдар оношлогдох тохиолдол байна. Тиймээс илүү оношилгооны чанар сайн байх ёстой.
Ургийн хавдар гэдгийг илүү тодруулбал?
2018 он гарсаар гурван тохиолдол оношлогдсон нь ургийн хавдар ихсэх хандлагатай юм уу гэж бодож байна. Ургийн хавдар ихэвчлэн хожуу оношлогддог.
Компьютер гар утасны нөлөө урагт хэрхэн нөлөөлдөг вэ?
Гар утасны нөлөө маш их. Судалгаагаар бол биеийн жингийн индекс багатай хүнд л хор нөлөөлөл их байдаг гэж үздэг. Тэгэхээр хүүхэд жирэмсэн эхэд илүү нөлөөлнө. Ургийн эрхтэн тогтолцоо хэвийн байж төрсөн ч гар утасны нөлөөлөл эрхтэний гаж хөгжлөөр биш мэдрэл сэтгэхүй, зан төрөхийн гэх мэт янз бүрийн шинж тэмдэг, өөрчлөлтөөр хожуу илэрдэг тул гар утас болон цахилгаан хэрэгслийн хэрэглээг зохистой хэрэглэж сурах нь маш чухал гэж боддог.
Leave a Reply