Цөсний чулуу: Цөсний талаар бүгдийг
Цөсний тухай товчхон
Цөсний хүүдий нь цөсийг агуулдаг, хэвлийн баруун хэсэгт байрлах лийр хэлбэрийн жижиг уутанцар юм.
Хоногт 1,5 литр орчим шингэн цөс элгэнд үүсэж боловсрон элэгний ерөнхий цоргоор дамжин цааш явсаар нарийн гэдсэнд нойр булчирхайн цорготой нэгдэн шүүрлээ ялгаруулж хоол боловсруулалтад оролцдог байна.
Энэ замыг туулах явцад шингэн цөс нь цөсний хүүдийнд орж хуримтлагдан шимэгдэж 5-10 дахин өтгөрөн хадгалагддаг.
Харин элэгнээс ялгарч цөсний хүүдийнд хуримтлагдсан цөс гадагшлахгүй удсанаар цөс өтгөрч, цаашлаад “цөсний чулуу” гэж нэрлэх хатуувтар бүтэцтэй давсархаг биет болж тогтдог.
Ихэнх тохиолдолд чулуу цөсний цоргыг бөглөж, өвдөлт мэдрэгдэхээс өмнө хүмүүс цөсний чулуутай гэдгээ мэддэггүй.
Цөсний чулууны төрлүүд
Цөсний чулууг 2 төрөлд хуваадаг:
- Холестеролын чулуу. – Цөсний чулуутай өвчтөнүүдийн 80%-д буюу хамгийн түгээмэл тохиолддог. Нийтлэг тохиолддог энэ төрлийн чулуу нь ихэвчлэн шар өнгөтэй байх ба цөсний уусгаж чадаагүй холестерол бөөгнөрснөөр үүсдэг.
- Нөсөөт чулуу. Бараан өнгөтэй, жижиг хэмжээтэй. Элэгнээс хэт их билирубин ялгарснаас үүдэлтэй бий болдог.
Цөсний чулуу яагаад үүсдэг вэ?
Цөсний чулуу үүсэх хамгийн том шалтгаан нь цөс зогсонгижилд орж өтгөрөх, цөсний найрлага алдагдсантай холбоотой байдаг. Олон жилийн туршид
- өглөө өлөн явах буюу удаан хугацаанд ходоод хоосон явах,
- хоолны дэглэм буруу баримтлах гэх мэт шалтгааны улмаас хүүдийнд цөс удаан хугацаагаар хадгалагдаж мөн дахин шинэ цөс орж ирэн улам өтгөрүүлсээр цөсний найрлага алдагдаж цөсний хүүдийн чулуу үүсэх нөхцөлийг бүрдүүлж байдаг байна.
Мөн зөвхөн таны хооллолтоос гадна таны удамшил, биеийн жин, цөсний эмгэгтэй эсэхээс хамааран цөсний чулуу үүсэх магадлалтай.
Та мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авахыг хүсвэл Ирээдүй эмнэлэгт цаг аваарай.
Цөсний чулуутай байх эрсдэлтэй хүмүүст дараах хүмүүс ордог.
- 60-с дээш насны хүнд
- Илүүдэл жинтэй бол
- Өөх төс, Холестерол ихтэй хоол хүнс ихээр хэрэглэдэг бол
- Ойрын хамаатан тань цөсний чулуутай бол
- Чихрийн шижинтэй бол
- Маш огцом жин хассан бол
- Холестерол бууруулах үйлчилгээтэй эм уусан бол
- Гормон тогтворжуулах эм уудаг бол цөсний чулуу үүсэх магадлал өндөр байдаг.
Цөсний чулууны шинж тэмдэг
Цөсний чулуу хөнгөн тохиолдолд шинж тэмдэггүй байж болно. Ихэвчлэн шинж тэмдгүүд цөсний чулуу цөсний цорго, ерөнхий сувгийг бөглөвөл илэрдэг бөгөөд дараах шинж тэмдэг танд илэрвэл яаралтай эмнэлэгт үзүүлээрэй.
- Хэвлийн баруун дээд эсвэл гол хэсэгт цочмог өвдөлт өгөх
- Хэвлийн өвдөлтөөс болж хөдөлгөөн хязгаарлагдах
- Арьс, нүд огцом шарлах
- Халуурах, дотор муухайрах, бөөлжих
- Бие дагжин чичрэх
- Хүзүүний баруун талаар өвдөх
- Нуруу өвдөх зэрэг ордог.
Цөсний чулуунаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Тогтмол зөв хооллох, тэр дундаа өглөөний цайг тогтмол ууж хэвших
- Таргалалтаас зайлсхийж тогтмол дасгал хөдөлгөөн хийх
- Дааврын эмүүдийг заавал эмчийн заавраар хэрэглэх
- Элэг, цөсний үрэвсэлт өвчнүүдээс сэргийлэх, цаг алдалгүй эмчлэх
- 30+ насны хүмүүс цөсний чулуугүй байвал улиралд 1 удаа цөс угаах арга хэрэглэх (чулуутай үед цөс туух нь сувагт чулуу гацах эрсдэлтэй)
- 1 жил тутам хэвлийн эход хяналтын зорилгоор үзүүлдэг бай
ЦӨС ЗӨВ УГААХ АРГА
Цөсөө угааснаар цөсний өтгөрсөн байдлыг багасган, цөсний чулуу үүсэх болон цөсний хүүдийн хана үрэвсэхээс сэргийлнэ.
Цөс угаах эмчилгээг гэрийн нөхцөлд хийх бүрэн бололцоотой. Хамгийн чухал зүйл бол цөс угаахаас өмнө заавал хэвлий эход харуулж цөсний чулуутай эсэхийг тогтоох шаардлагатай. ХЭРЭВ ЧУЛУУТАЙ БОЛ УГААЖ БОЛОХГҮЙ. Мөн та ходоодны шарх, дотоод эрхтний үрэвсэлтэй бол угааж болохгүй:
Ирээдүй эмнэлэгт дотрын эмчийн үзлэг, дотрын эход үзүүлэн зөвлөгөө аваарай
Хэрэв та цөсний чулуугүй бол дараах зааврын дагуу цөсөө угаагаарай.
- Цөс угаахын урьд өдөр хоол идэж болохгүй (зөвхөн шингэн юм ууна).
- Өглөө 06-07 цагийн үед бүлээсгэсэн шар сүү 1.5л эсвэл Магнизм хэмээх бэлдмэлийг нэг аяга буцалсан халуун усанд уусгаж нэг аяга бэлдмэлийг ууна.
- Дараа нь баруун хажуугаар харан хөлөө хагас нугалан хэвтэнэ.
- Хэвтэх үед баруун хавирганы нум хавьдаа бүлээн жин тавь. Бүлээн жингээ байнга халуун байлгах шаардлагатай.
- Хэсэг хугацааны дараа гэдэс нужигнан дуугарах буюу гүйлгэх шинж илэрч байвал цөс угаагдаж эхэллээ гэсэн үг.
Цөс угаагдах шинж мэдрэгдэхгүй байвал уух шингэний хэмжээг нэмж болно. Хэдий чинээ өтгөн шар ногоон зүйл гарна, цөс төдий чинээ өтгөрсөн байна гэсэн үг. Цөс угааснаас хойш 30 минутын дараа хооллох хэрэгтэй.
Цөсний чулууны оношилгоо
Цөсний чулууг хэвлийн хэт авайн шинжилгээ хийж илрүүлдэг. Үүгээр цөсний чулуу, түүний хэлбэр хэмжээ, байрлал, тоо ширхгийг тогтоож болно. Шаардлагатай тохиолдолд компьютер томографын шинжилгээ хийгдэнэ.
Цөсний чулуу нь дунджаар 0,5-1 см хэмжээтэй бөгөөд бөөрөнхий, зууван хэлбэртэй байна. Бүтцийн хувьд элсэрхэг ба олон хүүдийнд хэдэн ч тооны чулуу байрлаж байх магадлалтай байдаг.
Цөсний чулууны эмчилгээ
Цөсний чулуунаас үүдэлтэй өвдөлтийн шинж тэмдэг илэрвэл мэс заслын эмчилгээ хэрэгтэй ба цөсний хүүдийг дурангийн аргаар авдаг. Хэрвээ бусад мэс заслын улмаас наалдац үүссэн тохиолдолд нээлттэй хагалгаа хийгдэж болно. Эмчлүүлэгч мэс заслын бус эмчилгээг хийлгэхийг хүсвэл чулууг гаднаас нь бутлах эсвэл чулуу хайлуулах эмчилгээ хийж болдог.
Leave a Reply