Заг хүйтэн өвчний талаар бүгдийг

Заг хүйтэн /Gonorrhea/ нь гонококк бактериар үүсгэгддэг бэлгийн замаар дамжин халдварладаг өвчин юм. Зарим тохиолдолд төрөх замаар хүүхдэд халдварладаг. Нөхөн үржихүйн идэвхтэй бэлгийн амьдралтай буюу 15-54 насныхны дунд халдварын тархалт өндөр байдаг.
Заг хүйтэн өвчин яаж халдварладаг вэ?
- Заг хүйтэн өвчтэй хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох (амаар, үтрээгээр, шулуун гэдсээр)
- Заг хүйтэн өвчний халдвартай жирэмсэн эмэгтэйгээс ураг төрөх үед халдвар авна (нярайн нүдний салстын үрэвсэл)

Шинж тэмдэг
Эрэгтэй
- Шээсний сүв орчим бага зэрэг загатнаж, ирвэгнэнэ
- Шээхэд хорсоно, өвдөнө
- Шээсний сувгаас өтгөн ногоон идээт ялгадас гарна
- Шээсний сувгийн амсар улайж, хавагнана
- Бэлгийн харьцааны үед өвдөнө
- Шээс ойр ойрхон хүрнэ
Эмэгтэй
- Бэлэг эрхтэн орчим эвгүй оргиж, загатнана
- Умайн хүзүүний сувгаас өтгөн ногоон идээт ялгадас гарна
- Хэвлийн доод хэсгээр өвдөх
- Умайн хүзүүний салс улайж хавагнана
Нянгийн эсрэг эмчилгээ цаг алдалгүй хийвэл бүрэн эмчлэгдэх боловч эмчлэхгүй орхивол үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт үүсгэх эрсдэлтэй.
Эрэгтэй хүнд төмсөг, төмсөгний дайврын үрэвсэл, түрүү булчирхай болон давсагыг үрэвслүүлж болно. Ховор тохиолдолд шээсний замд бүтцийн өөрчлөлт болж шээсний суваг битүүрч шээж чадахгүй болно.
Эмэгтэй хүнд умайн гадуурх жирэмслэлт, эмэгтэйн үргүйдэл болох эрсдэлийг нэмэгдүүлнэ. Төрөх үед хүүхдэд халдварласан тохиолдолд нүдний салстын үрэвсэл үүсэж, улмаар эмчилгээ хийлгээгүй тохиолдолд нүдний эвэрлэг гэмтэн шархалж сохрох аюулд хүргэнэ.
Оношилгоо
Заг хүйтэн халдварыг мэргэшсэн эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн эмчид үзүүлж, асуумж, бодит үзлэгт үндэслэн наалдцын шинжилгээ /мазок/, шээс бэлгийн замын үүсгэгчийн дэлгэрэнгүй шинжилгээ /PCR/ хийлгэж эцсийн онош батлагдана.
Аль болох усанд орж, угааж ариутгаагүй байвал шинжилгээний хариу үнэн бодит гардаг. Угаалга хийсэн тохиолдолд мазокийн хариунд буруу нөлөө үзүүлэх магадлалтай

Урьдчилан сэргийлэлт
- Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэг мэдээллээ сайжруулах,
- Тогтмол бэлгийн хавьтагчтай байх
- Тохиолдлын бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх
- Шинэ хамтрагчтай болсон бол бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ хийлгэх
- Бэлгийн хамтрагчид тань хэвийн бус шинж тэмдэг илэрч байвал бэлгийн хавьталд орохгүй байх.
Leave a Reply