“Бартолинит өвчин”-ий талаар бүгдийг
ҮҮДЭВЧ БУЛЧИРХАЙН УЙЛАНХАЙ БУЮУ БАРТОЛИНИТ ГЭЖ ЮУ ВЭ?
Бартолинит өвчин нь эмэгтэйн нөхөн үржихүйн тогтолцоонд хамаарах Бартолины булчирхайд үүсдэг халдварт гаралтай үрэвсэл юм. Энэ нь үтрээнд хурц өвдөлтөөр илэрдэг.
Бартолинит нь 20-29 насны эмэгтэйчүүдэд, ялангуяа хүүхэд төрүүлээгүй, чихрийн шижин өвчтэй хүмүүст илүү оношлогддог бөгөөд эрсдэлт хүчин зүйлүүд нь
- аюултай бэлгийн харьцаа;
- хэрэглэхэд тохиромжгүй ус эсвэл хоол хүнс залгих юм.
Яагаад үүсдэг вэ?
Үтрээний нүхний гүнд, ард байрлах Бартолины булчирхай нь гадагшлуулах үүрэгтэй. Эдгээр нь бэлгийн харьцааны үед үтрээний тосолгоонд оролцдог гормоноос хамааралтай булчирхай юм.
Эмэгтэйн нөхөн үржихүйн системд хоёр бартолины булчирхай байдаг. Бартолинит нь нэг булчирхай эсвэл хоёуланд нь нэгэн зэрэг нөлөөлж болно.
Булчирхайн гадагшлуулах сувагт үрэвсэл үүсгэгч нян орсноос үрэвсэл үүсэн суваг хавагнан битүүрч шүүрэл гадагшлахгүй хуримтлагдан үрэвсдэг.
Үүсэх явцаар нь анхдагч болон хоёрдогч гэж ангилна.
Анхдагч– Анхдагчаар өөрөө аяндаа үүснэ.
Хоёрдогч – халдварт өвчнөөс болж
- заг хүйтэн, хламиди гэх мэт бэлгийн замын халдварт өвчин (БЗДХ) нь ихэвчлэн тохиолддог үтрээний халдвар;
- гэдэсний савханцар зэрэг янз бүрийн эмгэг төрүүлэгчдээс үүдэлтэй байж болох хоол боловсруулах замын халдвар.
Шинж тэмдэг:
Бартолинитийн үед өвчтөнд олон зовуурь илэрнэ. Ихэнх тохиолдолд өвдөх шинж тэмдэггүй удаан хугацаагаар явж болно. Нэг болон хоёр талд зэрэг үүсэж болно.
Бэлгийн уруул үрэвссэн талдаа хавдаж эмзэглэл ихтэй (буглаа). Түүн дээр дарахад шүүрэл гадагшлуулах нүхээр идээ гарч болно. Бартолинит эхлэх үед өвдөлт хөндүүр үүсдэг.
Өвдөлт буглаа томрохын хэрээр нэмэгдэж явж хөдлөхөд хүндрэлтэй болдог.
Зарим үед маш хүчтэй өвддөг.
Хүндэрсэн үед:
- буглаа, цааш шээс бэлгийн эрхтнүүдэд тархан даамжирна.
- Цавины булчирхай томорно.
- Халуурах,
- бие сулрах,
- хөдөлмөрийн чадвар буурах гэх шинжүүд илэрч болно.
Оношилгоо:
- Эмэгтэйчүүдийн үзлэг
- Үтрээний наалдцын шинжилгээ
- Цусны ерөнхий шинжилгээ
- Буглааны идээнээс шинжилгээ авч антибиотик мэдрэг чанар үзэх
Та мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авахыг хүсвэл Ирээдүй эмнэлэгт цаг аваарай.
Бартолинит өвчний эмчилгээний талаар
Бартолины цистийн эмчилгээ нь
- шинж тэмдгийг арилгах,
- цистийг арилгах,
- халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг агуулдаг.
Эмчилгээний сонголт нь шинж тэмдгийн хүнд байдал, цистийн хэмжээ, халдвар байгаа эсэхээс хамаарна. Зарим тохиолдолд гэрийн энгийн эмчилгээ, өөрийгөө арчлах арга хэмжээ хангалттай байж болох ч илүү төвөгтэй тохиолдолд эмнэлгийн оролцоо, түүний дотор мэс заслын арга хэмжээ шаардлагатай байж болно.
Эмийн эмчилгээ:
Халуурах, хүчтэй өвдөх, буглаа үүсэх зэрэг халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд антибиотик эмчилгээг хийх хэрэгтэй. Антибиотикууд нь халдварыг арилгаж, тархахаас сэргийлдэг. Мөн өвчилсөн хэсэгт бүлээн жин тавих нь өвдөлтийг намдаахад тусалдаг.
Мэс заслын эмчилгээ:
Эмийн эмчилгээ үр дүнгүй эсвэл өвчин хүндэрсэн үед мэс заслын эмчилгээ хийнэ
- Буглаа нээх: буглаа хэт томорсон эсвэл гадагшаа өөрөө хагарсан тохиолдолд нээж цэвэрлэн чихээс хийнэ. Энэ эмчилгээний дараа дахин буглаж сэдэрч болно.
- Марсупизаци: олон дахин сэдэрдэг, буглааг шулж авах боломжгүй үед буглааг нээж, гадагш цорго үүсгэнэ. 85%-ийн үр дүнтэй. Буглаа жижиг үрэвсэл харьцангуй бага олон дахин сэдэрдэг үед бэлгийн бага уруулын дотор салстад зүслэг хийн буглааг уут гэрийн хамт шулж авна.
Урьдчилан сэргийлэлт:
Та энэ өвчнөөс өөрийгөө сэргийлэхийн тулд дараах алхмуудыг хийх хэрэгтэй.
- Хувийн ариун цэвэр сахих
- Тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзах
- Үтрээний үрэвслийг цаг алдалгүй төгс эмчлэх
Leave a Reply