” Бөөрний өвчин “-ий үед гарах шинж тэмдэг

Human Skeleton and Internal Organs

Бие эрхтний тогтолцоог хэвийн байлгадаг эрхтэн бол бөөр юм. Гол үүрэг нь цуснаас бодисын солилцооны илүүдэл бүтээгдэхүүнийг шүүх үйл явц юм. Шүүгдсэн илүүдэл бүтээгдэхүүн нь устай нэгдэн шээс болж биеэс гадагшилдаг.

Харамсалтай нь бөөрний өвчин эмгэг нь хүн амын дунд элбэг тохиолддог, нас баралтын шалтгаанд 3-р байранд орж байгаа бүлэг өвчин юм.

Нянгийн халдвараар бөөр шээсний зам өгсөх болон уруудах замаар халдварлагдаж үрэвсэхийг бөөр шээсний замын халдвар гэнэ. Өгсөх замын халдвар нь шээсний сүвээр нянгийн халдвар орж халдварлахыг хэлэх бол уруудах замын халдвар нь хоолойны ангина, шүдний цоорхой гэх мэт өвчлөлийн улмаар нянгууд цусаар дамжиж бөөр шээсний замд очиж үрэвсэл үүсгэхийг хэлнэ.

Бөөр шээсний замын өвчлөл үүсгэж буй нянгууд бол E-Coli буюу гэдэсний савханцар 80-90%, үлдсэн 10-20% нь Staphylococcus, Klebsiella, Enterococcus зэрэг нянгууд байдаг.

Цистит буюу давсагны үрэвсэл хамгийн түгээмэл тохиолддог. Энэхүү давсагны үрэвслээр бүх насны хүмүүс өвчилж болох бөгөөд ихэвчлэн эмэгтэйчүүд өртөмтгий байдаг.

Тэгвэл бөөр тань асуудалтай байгааг илтгэх 5 шинж тэмдгийг та мэдэж аваарай.

Шээсний хэмжээ болон давтамжид өөрчлөлт орох:

Хамгийн эхний илэрч болох бөөрний үрэвслийн шинж тэмдэг бол шээсний хэмжээ болон давтамжид орох өөрчлөлт юм. Энэхүү тохиолдолд таны шээсний хэмжээ анхаарал татахуйц нэмэгдэх эсвэл багасаж болох юм..

Мөн магадгүй гэнэт шээс тань огцом хүрээд угаалгын өрөө орох үед шээхгүй байж бас болох юм. Хэрвээ шээсний үйл ажиллагаанд тань өөрчлөлт орсон юм шиг санагдвал заавал анхаарал хандуулж өдөрт хэдэн удаа угаалгын өрөө орж байгаагаа тэмдэглээд аваарай.

Мөн давсгаа суллах явцад хүндрэлтэй санагдах эсвэл өвдөлт мэдрэгдэж магадгүй. Энэ нь та шээсний замын халдвар авсан байж болзошгүй гэсэн үг юм. Эхэн үед нь оношилж чадах юм бол энэ нь амархан эмчлэгддэг. Хэрвээ удаан хугацаанд үргэлжилсэн бол бөөрөнд тань халдварласан байж магадгүй бөгөөд та халуурч хүзүү хавиар тань өвчин мэдрэгдэж болох юм.

Шээсэнд өөрчлөлт орох:

Цустай шээх: Энэ бол хайхралгүй өнгөрч болохгүй шууд анхаарал хандуулах ёстой шинж тэмдэг юм. Хэрвээ та цустай шээх юм бол битгий хайхрамжгүй хандаарай.

Цустай шээх нь бөөрний үрэвсэлтэй холбоотой шинж тэмдэг юм. Ийм шинж тэмдэг хэрвээ илрэх юм бол та аль болох хурдан хугацаанд эмчид хандаарай.

Хөөстэй шээс: Уурагтай шээс бас их хөөсөрхөг байдаг. Мэдэгдэхүйц их хэмжээний хөөстэй шээгээд байвал шээсний шинжилгээ өгөөд үзээрэй.

Хавагнах:

Зовхи нүүр сэлхрэх, хөлөөр хавагнах, тулам болтлоо бүх бие хавагнах, биеийн гадна  хавагнахаас гадна биеийн дотор хөндийнүүдэд шингэн хуримтлах хүртэл их хэмжээтэй хавагнаж болно. Дарахад хонхойж орох, амьсгаадах, жин нэмэгдэх шинжүүд илэрнэ.

Артерийн даралт ихсэлт:

Толгой өвдөх, хүзүү хөших, нүд бүрэлзэх, дотор муухайрах, зүрх дэлсэх шинжүүд илэрнэ.. Хэмжиж үзэхэд даралт ихэссэн байдаг. Мөн бөөрний үрэвсэл болон дутагдлаас болоод биеийн цус багасдаг. Үүнээс болоод өмнө нь даардаггүй байсан биеийн хэсгүүд хүйтэн болж байнга даарах тохиолдол байдаг. Бөөрний халдварт өвчин пиелонефритээс болж халуурах болон даарах тохиолдол байдаг.

Бөөр нуруугаар өвдөх:

Нуруу бүсэлхийн ар хэсгээр чилж, хөшиж өвдөнө, өвдөлт ууц, хэвлийн 2 хажуу тал, шээлэйн дагуу, давсаг орчмоор дамжиж болно. Өвдөлт нэг талдаа, эсвэл 2 талд байж болно.

Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд зайлшгүй мэргэжлийн эмчид хандаж, шээсний ерөнхий шинжилгээ, шээсний ариун чанарын шинжилгээ, цусны ерөнхий  шинжилгээг зайлшгүй өгөх шаардлагатай. Бөөр шээсний замын халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бөөрний нарийн мэргэжлийн эмчид хандан дээрх шинжилгээнүүдийг өгөхийг зөвлөж байна.

Бөөрний өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

  • Амьдралын зөв хэв маяг баримтлах, өдөр бүр 30 минутаас багагүй хугацаанд дасгал хөдөлгөөн хийх, жингээ барих
  • Зөв хооллох, хангалттай ус уух /өдөрт 8-10 стакан/, давсны хэрэглээг багасгах, жимс ногоо хүнсэндээ түлхүү хэрэглэх
  • Ханиад томуунаас сэргийлэх, хоолой шүд өвдөхөөс сэргийлэх, биед байгаа архаг халдварын голомтуудыг эмчлүүлэх
  • Эрт илрүүлэх: Тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, даралт ихсэлт, цусны сахар, өөх тос, бөөрний үйл ажиллагааны шинжилгээнүүд, ЭХО оношилгоо зэргийг  жил бүр хийлгэж байх
  • Эмчийн зөвлөсөн эмчилгээг хийлгэх, эмийг тогтмол зөв ууж байх зэрэг нь бөөрний өвчнөөр өвчлөх, хүндрэхээс сэргийлэхэд тусална гэж Ирээдүй эмнэлгээс зөвлөв.

Бидний үйлчилгээ

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy