Төрсний дараах гам барилт : Яагаад барих ёстой вэ?

Төрсний дараа гам барих нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чухал хэсэг юм. Монголчууд амаржсан эхийг нэг сарын хугацаанд “сард суух” гэж нэрлэдэг цээрийг хийдэг.
Энэ хугацаанд эх хүн өөх тостой, давстай мах, сэрүүн ундаа, архи, тамхи зэрэг зүйлсийг хэрэглэхээс зайлсхийж, гам барих ёстой гэж үздэг. Гам барих хугацаа нь төрсний дараах эрүүл мэндийн асуудлуудыг багасгах, биеийг хурдан тэнхрүүлэхэд тусалдаг.

Төрсний дараах гам барилтыг
- хоол хүнсний болон
- биеийн гэсэн 2 төрөлд хуваагддаг.
Биеэр гам барихад анхаарах зүйл
1. Хэт даарахгүй, жиндэхгүй байх
- Хүйтэн зүйлд хүрэхгүй, хүйтэн усанд гар биеэ угаахгүй байх
- Толгой нүцгэн гадуур явахгүй байх
- Үс угаасны болон усанд орсны дараа салхи авахгүй байх
- Бороонд норохгүй байх
- Хүйтэнд хэт нимгэн хувцаслахгүй байх
2. Хэт халахгүй байх.
- Зохистой хувцаслах биеэ хэт бэгнэхгүй.
Хоолоор гам барихад анхаарах зүйл
Жирэмсэн үеийн хооллолт чухал байдгийн адил төрсний дараах үеийн хооллолт ч мөн адил чухал ач холбогдолтой. Хүүхдээ хөхүүлж буй, хөхүүлээгүй байгаа тохиолдолд ч хоол ундаа зөв тохируулах нь таныг хурдан тэнхэрч, эрүүл байхад тусална. Тиймээс төрөл бүрийн хоол хүнсийг бага багаар, ойр ойрхон хэрэглэнэ. Хөхүүл эмэгтэйн хувьд шингэнийг хангалттай хэмжээгээр хэрэглэх нь зайлшгүй чухал юм.
Хоол ундаа зөв тохируулахын тулд:
- Ногоо жимсийг өдөрт аль болох ахиу хэрэглэх
- Талх, тариа будаа, сүү сүүн бүтээгдэхүүн өдөр тутам хэрэглэх
- Хүнсний зүйлийнхээ нэр төрлийг олшруулах
- Чихэр, тослогоо багасгах
- Спиртийн төрлийн ундаанаас зайлсхийх
- Өтгөн хатахаас сэргийлж бүдүүн тарианы талх, гурил хэрэглэх
Гам алдсаны улмаас илрэх шинж тэмдэг, шалтгаан, эмчилгээ
Гам алдсан үед толгой өвдөх, үе мөч янгинах, бадайрах, хөдөлгөөн хязгаарлагдах, арьс халуун оргих зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна зарим тохиолдолд халуурдаг. Эдгээр шинж тэмдэг илэрч байгаа шалтгааныг уламжлалт анагаах ухааны онолоор салхи, халуун, хүйтэн, чийгнээс шалтгаалж хүний биед хий хуримтлагдаж цусны урсгал саатсанаас үүсдэг гэж үздэг.
Нэмэлт мэдээлэл:
Төрсний дараа бэлгийн харьцаа
Төрсний дараа бэлгийн харьцаанд орох хугацааг эмчийн зөвлөгөөний дагуу шийдэх нь чухал. Ихэвчлэн төрсний дараах 6-8 долоо хоногийн дараа эхийн биеийг бүрэн сэргээхийг хүлээдэг. Энэ хугацаанд эхийн сав болон бусад эрхтнүүдийн нөхөн сэргэлт бүрэн хийгдэж, халдварын эрсдэлээс сэргийлдэг.
Шавхарга гарах хугацаа
Шавхарга нь төрсний дараах эхний долоо хоногуудад үтрээнээс гарах цус болон ялгаралтыг хэлнэ. Энэ нь 4-6 долоо хоног үргэлжилдэг ба эхний долоо хоногт их хэмжээтэй, дараа нь бага багаар багасдаг.
Шавхарга нь эхийн савны нөхөн сэргэлт, цэвэрлэгээний нэг хэсэг тул энэ хугацаанд ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй
Төрсний дараа хэзээ усанд орох вэ
Төрсний дараа эхийн биеийг сэргээхэд туслахын тулд усанд орохыг зөвлөдөг ч хэтэрхий эрт, удаан хугацаагаар усанд орж болохгүй.
Шавхарга бүрэн зогссоны дараа, буюу ойролцоогоор 4-6 долоо хоногийн дараа усанд орох нь хамгийн тохиромжтой. Энэ хугацаанд хэт халуун ус хэрэглэхгүй байж, халдвараас сэргийлэх хэрэгтэй.