Жирэмслэх магадлалтай өдрүүд – ээ хэрхэн зөв тооцох вэ?
Эмэгтэйчүүд сарын тэмдгийн мөчлөгийн 6 хоногт үр тогтож жирэмслэх боломжтой байдаг. Харин тухайн 6 хоног нь хэзээ байх вэ гэдэг эмэгтэй хүн бүрт харилцан адилгүй юм. Жирэмслэх магадлал хамгийн өндөр 6 хоногийг үр тогтолтын цонх үе гэж нэрлэдэг бөгөөд тухайн эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөгийн урт богино, тогтмол ирдэг эсэхээс хамаарна.
Ирээдүй эмнэлэг нь жирэмсний ЭХО-ны шинжилгээг өндөр нягтралтай дүрслэл бүхий, эрхтэн систем болгонд тохирсон хамгийн сүүлийн үеийн шинэчлэгдсэн төхөөрөмж болон нарийн мэргэжлийн олон жилийн туршлагатай эмч нарын тусламжтайгаар хийж байна.
Сарын тэмдгийн мөчлөгийг зөв ойлгох нь
Сарын тэмдгийн мөчлөг гэдэг нь сарын тэмдгийн цус үзэгдсэн эхний өдрөөс дараагийн сарын тэмдгийн цус үзэгдэх эхний өдөр хүртэлх хугацааг хэлнэ. Шар биеийн даавар сарын тэмдгийн цус үзэгдсэн эхний өдрөөс өссөөр сарын тэмдгийн дунд үед хамгийн өндөр түвшинд очдог бөгөөд энэ үед өндгөвчнөөс өндгөн эс ялгардаг.
Сарын тэмдгийн мөчлөг овуляци явагдахаас өмнө ба дараа гэсэн 2 үе шаттай.
Сарын тэмдгийн цус үзэгдсэн эхний өдрөөс өндгөн эс ялгарах хүртэлх хугацаа нь эмэгтэй хүн бүрийн хувьд харилцан адилгүй 10-20 хоногийн хооронд хэлбэлцэж болдог. Харин Өндгөн эс ялгарснаас дараагийн сарын тэмдгийн цус үзэгдэх эхний өдөр хүртэлх хугацаа нь эмэгтэй хүн бүрд тогтмол 14 хоног байна.
Одоо хамтдаа таны жирэмслэх боломж хамгийн өндөр өдрийг тооцож үзэцгээе
- Жишээ 1: Cарын тэмдэг тогтмол 28 хоногтой ирдэг гэж бодьё. Өндгөн эс боловсорсноос хойш 14 хоногийн дараа сарын тэмдэг ирнэ. Тиймээс дараагийн өндгөн эс боловсрох нь 28-14=14 буюу сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 14дэх хоногт буюу мөчлөгийн яг дунд өндгөн эс боловсроно гэсэн үг.
- Жишээ 2: Cарын тэмдэг тогтмол 25 хоногтой гэж бодъё. 25-14=11. Энэ нь сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 11дэх хоногт өндгөн эс боловсроно гэсэн үг.
- Жишээ 3: Cарын тэмдэг тогтмол 31 хоногтой гэж бодвол 31-14=17. Энэ нь сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 17дах хоногт өндгөн эс боловсроно гэсэн үг.
Сарын тэмдэг тогтмол бус ирдэг эмэгтэйчүүд жирэмслэх боломжтой өдрийг тооцож үзэцгээе
Хэрэв сарын тэмдэг тогтмол биш бол дараах аргаар тооцно. Үүний тулд сүүлийн саруудын мөчлөгөө тэмдэглэн хуанли хөтөлсөн байх хэрэгтэй. Сүүлийн 8-12 сарын тэмдэглэл байвал сайн.
Эхлээд хуанлиасаа хамгийн богино болон хамгийн урт мөчлөгийг сонгоно. Богино мөчлөг нь 26 хоногтой, урт нь 30 хоногтой байжээ гэж бодъё. Тэгвэл богино мөчлөгтэй үед 26-14=12 буюу сарын тэмдэг үзэгдсэнээс хойш 12дах өдөр, урт мөчлөгтэй үед 30-14=16 буюу сарын тэмдэг үзэгдсэнээс хойш 16дах өдөр овуляци явагдана гэсэн үг.
Тиймээс энэ эмэгтэйн хувьд мөчлөг нь хэдий хугацаатай байхаас хамаараад сарын тэмдэгийн 12-16 дах өдрүүдийн хооронд овуляци явагддаг гэсэн үг юм.
Эр, эм бэлгийн эс хэд хоног амьдрах чадвартай байдаг вэ?
Өндгөвчнөөс өндгөн эс ялгарч овуляци явагдсанаас хойш эм бэлгийн эс 16-24 цаг үр тогтоох чадвартай байдаг. Харин эр бэлгийн эс эмэгтэйн биед орсноос хойш 3-5 хоног амьдрах чадвартай. Иймээс өндгөн эс ялгаралт явагдаж байгаа өдөр болон өндгөн эс ялгарахаас өмнөх 3 хоногийн турш бэлгийн харьцаанд орвол жирэмслэх магадлал хамгийн өндөр байна гэсэн үг юм.
Leave a Reply